Түүхэн замнал

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/31 тоот тушаалаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дэргэдэх Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн.

 

     Зарим хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч иргэдэд учирсан хохирлын тодорхой хэсгийг Төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах” тухай Монгол улсын хууль батлагдаж, хуулийн 6 дугаар  зүйлд заасны дагуу хохирол барагдуулах журмыг уг хуульд нийцүүлэн Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 242 дугаар тогтоолоор баталсан.

     Үүнтэй уялдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 тоот тушаал гарч, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон зохион байгуулагдсан.

 

     Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Банкны өр барагдуулах чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэнтэй холбогдуулан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 тоот  тушаалаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болж өргөтгөн зохион байгуулагдсан.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Нийслэл дэх банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх харьяалалыг тогтоосон тул Банк, хадагалмж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны нэршлийг Банкны төлбөр барагдуулах газар болгон бүтэц орон тоог шинэчлэн батлагдан үйл ажиллагаагаа явуулж байна.